mnc

Монгол дээлний өнгөний бэлгэдэл, өнгө сонголт

2010 оны 04-р сарын 13 Нийтэлсэн UyaNGa

Монголчууд эрт үеэс хувцасны өнгө зохицлыг ихээхэн тохируулж ирсэн бөгөөд энэ нь үндэсний ёс заншил, улс төрийн утга агуулга, гоо зүйн мэдрэмжийг илэрхийлдэгбайснаара онцлог юм. Монгол хувцасны өнгөний сонголт нь хүрээлэн байгаа орчин байгаль цаг уур, газар, өвс ургамлын өнгө болон соёл зан заншилтай холбоотой.

Жишээ нь: хөх өнгийг тэнгэр, цэнхэр өнгийг ус, ногоон өнгийг өвс ногоо, саарал өнгийг зэр зэвсэгтэй холбон үзсээр иржээ.

Монголчууд гол төлөв хөх цэнхэр , цэнхэр хөх өнгөөр дээл тэрлэг өнгөлдөг байсан нь эх газрын өнгө тэнгэрийн агаар мандал, амьтдыг ундаалах мөнхийн усны өнгөтэй харьцуулан сонгож, шар өнгийн эдээр санваартны өмсгөл хийх тул тэр өнгөнөөс зайлшийдэг байжээ. Мөн насныхаа онцлогт тохируулан хувцасныхаа өнгө, материалыг сонгодог байжээ. Жишээ нь: настангууд бүдэг өнгө, эмэгтэйчүүд залуучууд тод өнгийн хувцас хийж, харш өнгөөр эмжинэ.

Тавь гарсан хүн торго, хоргой, залуучууд дурдан, чисчүүгээс дээш торгоор хувцас хийж өмсдөггүй байжээ. Монголын олон үндэстэн ястнууд ч өөр өөрийн гэсэн өнгөний бэлгэдэлтэй байжээ. Жишээ нь: халхчууд улаан, цэнхэр, торгуудууд хүрэн, ягаан, хотонгууд хар өнгө гэх мэт...

Тэр ч буй хэл өмсөх хувцсандаа унах морь, тохох эмээл, барих ташуураа хослуулдаг байна. Жишээ нь: эмэгтэй хүн наадамд цоохор, халиун, хонгор, хамар цагаан, бидэртэй хонгор морь унах ба хар азарга, цагаан зүсмийн морь унахыг хориглоно. Цагаан зүсмийн морийг эрэгтэйчүүд унадаг. Хивсэн тохоштой улаан ат эмэгтэйчүүдийн гоёл бөгөөд зэгэл хөх тэмээг шуламсны өнгө гэж хэн ч унадаггүй байна.

Монгол дээлний өнгө, дотор, эмжээр товч шилбэ тоноглол, чимэглэл зэрэг нь тухайн хувцсанд үзэмж оруулдаг тул тэдгээрийн өнгөний зохицол хоорондоо салшгүй холбоотой. Монголчууд эртнээс өнгөний бэлгэдэл, ёс заншлыг хувцсанд өргөн хэрэглэж, түүнийгээ баримталж ирсний жишээ бол төрийн 9 цагаан туг, ариун цагаан сэтгэл, цагаан идээний өнгө гэж цагаан сараар цагаан хувцас өмсдөг. Алт эрдэнэсийн өнгийг орчлонг гийгүүлэн тэтгэгч нарны өнгө гэж шүтлэг бишрэлтэй холбоотойгоор шашны өмсгөлийг шараар, дээрээс ивээх тэнгэр мөнх цэлмэг, дэргэд урсах ус гол минь үргэлж тунгалаг байг гэж хөх цэнхэрийг, эх болсон газар дэлхий дэлгэрч үржих оюун эрдэнэсийн өнгөтэй мөнх ногооноороо байг гэж ногоон, халуун дотно баяр баясгалан бадарч буй гал дөл шиг мандан жаргаж, дэвжихийг бэлгэдэн улаан өнгөөр тус тус дээл хийдэг байжээ.

Орчин үед өнгөний зохицол, гоо зүйн мэдрэмжийг хувцсанд тусгах болсонтой холбоотойгоор улаан өнгийг сонгодгоос бусад өнгөнд төдийлөн хэрэглэхээ больжээ. Хар өнгийг гашуудал, хар буруу санаа, хөөний өнгө гэж өзэж, баяр ёслол, хурим найранд хувцас хийдэггүй, гэвч хар ба хар хөх, бор хүрэн, хар хүрэн, хул шар гэх мэт өнгөнүүдийг орчин үед ямарч насны хүнд дээл хувцас хийхэд тохиромжтой, төлөв даруу харагдуулдаг төв өнгөнүүд гэж өргөн хэрэглэж, хар цагааны хослол нь сонгодог өнгөө хадгалсаар байна.

Өнгө сонголт: Монгол дээл хийх бөс даавуу, түүний өнгө, урт богиныг сонгохдоо өмсөх хүний бие бялдар, нас намба, царай зүсний өнгө, ажил хөдөлмөр, өндөр намд тохируулан сонгож ирсэн уламжлалтай билээ. Өндөр хүний дээлний уртыг хөлний бүдүүн шилбээр, намхан хүний дээлний уртыг нарийн шилбэний төгсгөлөөр хийж ирсэн уламжлалтай бөгөөд өндөр туранхай хүний дээлийг хэт урт, бараан өнгийн, тууш судалтай бөс даавуугаар, намхан махлаг хүний дээлийг богинохон хийж, тод өнгөтэй эрээн торго, хоргой, хөндлөн судалтай бөс даавуу сонговол улам бүдүүн намхан харагдуулдаг, өндөр хүзүүтэй хүнд өргөн зах, намхан хүзүүтэй хүнд нарийн зах тохиромжтой.

Орчин үед дээл хувцасны өнгөнд хар, бор, хул шаргал хар хөх, хар ногоон зэрэг бүдэг өнгө завсрын өнгөнүүдийг түгээмэл сонгохын зэрэгцээ өнгөлөг, цоглог харагдуулах, гоо зүйн мэдрэмжийн үүднээс улаан, цэнхэр, цэнхэр хөх, ягаан гэх мэт тод өнгөнүүдийг эмэгтэйчүүд түгээмэл сонгох боллоо.

Дээлний өнгөнд хээтэй, хээгүй торго, пүүсүү минчүү, үйтэн хуар, даавуу даалимба, одончүү цэмбэ, савхи, илэг зэргийг сонгож болох бөгөөд гоёлын дээлэнд үйтэн хуар, торго, цулгүй пүүсүү даавуу илүү зохимжтой. Өргөн энтэй /1.40-1.50метр/ ноосон ба хагас ноосон даавуу жижгэвтэр биетэй 2 хүнд, 1.40-1.50метр өргөн энтэй цулгүй даавуу, цэмбэ, одончүү 2.20-3.50 метр, хээтэй хээгүй дунд зэргийн өргөн энтэй торго, даавуу 4.0-4.50метр, 70-75 см нарийн энтэй торго, үйтэн хуар 4-7.0 метр нэг дээл хийж хүрэх бөгөөд, хэт эрээн буюу жижиг хээтэй торго, даавуугаар эрэгтэй хүнд дээл хийхэд зохимжгүй байдаг.

Монгол дээлний өнгө эмжээр, товч шилбэний өнгө өөр хоорондоо уялдан зохицсон байх бөгөөд өнгөнд зохисон эмжээр, тэгш хадсан товч шилбэ дээлийг үлэмж гоё ганган харагдууладаг тул эмжээрийг зөв сонгох нь маш чухал. Дээлийн эмжээрт хоргой, саатай торго, атлас, пүүсүү, савхи, доторт төрөл бүрийн эрээн давуу, торго, дурдан, сатин, даалимба зэргийг сонгох бөгөөд гол өнхаарах зүйл хэт эрээн биш, дээлийн өнгөний өнгөнд ууссан ба ойролцоо өнгийн, чанартай эмжээр, дотор сонгох нь зүйд нийцнэ.

Дээл хийх торго, даавууны өнгө, хэмжээг мэдэхээс гадна тухайн торго, даавууны шинж, чанарыг таньж мэдэх нь чухал. Үүний тулд торго даавууны утсыг шатааж үздэг. Жишээ нь: ноосон даавууны утсыг шатаахад аажим асаж, богиновтор дөл гарч, эвэр, үсний үнэр, хөвөн цаасан утсыг шатаахад гэнэт асаж, өндөр дөл гарч цаасны үнэр мяндсан нийлэг эдийн утсыг шатаахад шатсан хэсэг аажмаар бөөрөнхий хар үнс үүсгэх зэргээр шатах тул торго, даавууны шинж чанарыг утсыг шатааж таних боломжтой.

Монгол дээлний нэр төрөл, ангилал

2010 оны 04-р сарын 13 Нийтэлсэн UyaNGa

Монгол дээлийг судлаачид Кимоно маягийн нөмрөг углаа хувцасны бүлэгт оруулан судалдаг бөгөөд дээл гэсэн үгний учрыг тайлбарлахдаа монгол бичигт "дэвэл, ойрадын аялгуунд "дэгэл, дэвл, буриад аялгуунд "дэглэй" халх өвөрлөгчийн аялгуунд "дээл" монгол хэлэнд "диээр" гэж байгаа нь энэ үгийн язгуур "дэв, дэб " нь дэвших, дээгүүр, дээр гэсэн үгтэй утга ойролцоо тул "дээгүүр хөдөрдөг" юм гэсэн агуулгатай ажээ. Харин дээлний бусад нэр тухайлбал "тэрлэг" тэдгийн "тэр " нь хөлс гэсэн утгатай түрэг үг юм байна. Иймд "тэрлэг" нь хөлсөвч гэсэн давхар санааг илэрхийлдэг байж болох юм.

Монгол дээлийг ерөнхийд нь дан дээл, давхар дээл, хөвөнтэй дээл, өвөртэй дээл, өвөртэй дээл, үч ба сэнс дээл, өнгө дээл, арьсан дээл, авгай дээл гэж ангилдаг.

Хийсэн эдээр нь хурган дээл, ишгэн дээл, нэхий дээл, торгон дээл, дурдан дээл, хоргой дээл, магнаг дээл, үйтэн хуаран дээл, чисчүү дээл, цэмбэн дээл, одончүү дээл, савхин дээл, илгэн дээл гэх мэт...

Өнгөөр нь цагаан нэхий дээл, утмал дээл, улаан дээл, хөх дээл гэх мэт...

Хэрэглээний байдлаар нь өдөр тутмын, гоёлын, ламын, кино театр, урлагийн, цамын, бөөгийн дээл гэх мэт...

Нас хүйсний байдлаар эрэгтэй, эмэгтэй хүний дээл, авгай дээл, хүүхдийн дээл, охидын дээл, настайчуудын дээл гэх мэт...

Улирлын байдлаар өвлийн, хавар намрын, зуны гэж ангилна. Өвөлд азарган нэхий дээл, сэгсүүргэн дээл, үзүүрсгэн дээл, төрөл бүрийн ангийн үсэн дээл, дах огтор дээл, хавар намарт ишгэн дээл, сармай дээл, хурган дээл, хөвөнтэй дээл, зунд дан тэрлэг, дан дээл өмсөнө.

Дан дээл: хоргой торго дурдангаар доторгүй оёсон дээл бөгөөд ихэвчлэн дотуур өмсдөг тул дотоож гэж нэрлэх нь бий.

Давхар дээл ба хавсмал дээл, тэрлэг: Дээлийг төрөл бүрийн нимгэн бөс даавуу, торгоор доторлож оёсон дээл юм.

Хөвөнтэй дээл: Дээлийн өнгө дотрын завсар хөвөн, ноолуур, тэмээний ноос, зулхай, синтофон зэрэг дулаалгын материал зулж оёсон дээл юм.

Үч дээл: Арьсан дээр өнгө татсан дээл бөгөөд дотор нь нэхий үч, сэгсүүргэн үч, үзээрсгэн үч, сармай үч, хурган үч, ишгэн үч гэх мэт ангилна. Дээлэн дээр татсан өнгө ба үсний зузаан нимгэнээс хамаарч дотор нь өдөр тутмын ба гоёлын гэж ангилдаг. Зарим газар хурган дээлийг сэнсэн дээл ч гэх нь бий. Нарийн хурганы арьсан дээр торго хоргойгоор өнгө татаж гоёлд ихэвчлэн өмсөх ба зарим газар энгэр ташаа хормойг арьсаар эмжиж оёдог. Үүнийг бударгана гаргаж оёх гэнэ.

Өнгө дээл: Гадна талаар нь өнгө татаагүй цагаан нэхий дээл ба утмал арьсан дээлийг өнгө дээл гэнэ. Арьсны хөрсний хатуу зөөлөн, үсний өндөр намыг тохируулан дотор талаас нь үсийг ярж хөвөрдөн оёдог. Энэ оёдлыг сарваа гэдэг. Дээлийн зах энгэр хормой оноогоор хар бөсөөр хөвөөлөн дотор талаар нарийн хөвөө оёхыг хошоо, давхар хошоо оруулж оёхыг хоршоо ба найр гэдэг. Хонины элдсэн арьсаа аргалын утаа, бажууны үндэс, хар модны холтсыг чанаж будаад, өнгийг өөрчилж дээл эсгэж оёх ба дээр нь модон бараар торгоны хээ, луу пүүзэн хээг хэвлэн гаргах ба цоолбор ашиглан бэхээр хээ тавьж гоёлд өмсдөг байна.

Өвөртэй дээл: Эрт цагт эмэгтэй хүний өмсдөг хоргой торго хилэнгээр хийж, зах энгэр, ханцуй ташаа хормойгоор хатгамал хатган хөвөөлж, өмсөх хүндээ тааруулж, энгэрт хөндлөн залгаа оруулж эсгэдэг байж. Энэ дээлийг бэр хүн, дунд эргэм насны болон настай хүн өмсдөг. Охин хүн өмсөх ёсгүй байжээ. Энд хүү энгэр залгаатай эсгэх аргыг хэрэглэдэг байсан нь лавтай.

Арьсан дээл: Энэ нь ангийн үнэт арьсаар хийсэн дээл бөгөөд хийсэн үсээр нь булган дээл, халиу дээл, минжин дээл, гөрөөсний арьсан дээл гэх мэт...

Авгай дээл: Авгай дээл нь халх ба ойрад гэсэн хоёр янз байна. Эцэг эх нь айлын бэр болоход охиндоо арваас дээш зах хувцас хийж өгч хуримын өдөр ёс төртэйгөөр бэлэглэдэг заншилтай бөгөөд авгай дээл урт уужны хамт нэгэн ёсны хуримын өмсгөл байжээ. Авгай дээл нь босоо зах, дөрвөлжин энгэртэй, энгэрийг нэг нарийн ба өргөн нарийн хос эмжиж, дээлний ханцуйны 2 талыг өргөний эдээр (эрүү), гол хэсгийг өөр өнгийн хоргой торгоор (богоч) хийдэг заншилтай байжээ. Мөн дээлний их биений ижил өнгөөр хийсэн, мөрнөөс дээш илүү гарсан түнтгэр хэнээх мөртэй, энэ нь халх дээлний гол онцлог юм.

Дээлний 2 ташаанд үзүүр сөөм оноотой, энгэр, гүнцэг, оноо, хормойг эргэн тойрон хоргойгоор өргөн эмжиж, дотор талаар нь өнгийн нарийн тууз дарж, энгэрт хос, зах суганд нэг нэг товч шилбэ хадна. Залуу эхнэрүүд цомбогор, хижээл эхнэрүүд талбиу нударгыг дээлний ижил эдээр өнгөлж, хөх цэнхэр ба цэнхэр хөх эдээр доторлож ханцуйны үзүүрт залгах ба салангад 2 янзаар тогтоож нударгаа байнга эргүүлж явдаг.

Дээлнээс өөр өнгийн эдээр хийсэн зах, ханцуйгүй, задгай энгэртэй, 2 ташаандаа оноотой, зах ханцуйн ухаар, энгэр хормойгоор дээлний ижил эмжиж, дотор талаар цолонгын тууз дарсан ёслол хүндэтгэлийн урт уужыг дээлэн дээр давхарлаж өмсөнө. Ууж нь урт, богино 2 янз байх бөгөөд бохино уужыг гэр зуур ажилд, уртыг гоёлд өмсдөг. Ууж нь 2 ташаандаа мөнгөн бэлтэй байх бөгөөд баруун бэлнээс эмэгтэй хүний таван саваагүйг зүүн бэлнээс таван өнгийн алчуур зүүж гоёно.

Ойрад авгай дээл: Босоо захтай, догол энгэртэй, залгамал өргөн ханцуйтай, үзүүртэй жижиг буумал нудрагатай, энгэрийн бүсэлхий орчим зэв энгэрийг, дээлний ба уужны заханд цагаан захыг тус тус өөр өнгийн эдээр хийх бөгөөд энгэр, зах, нудрага, хормой, ташаагаар өргөн эмжиж, дотор талаар өнгийн тууз дарж оёно. Ууж нь ихэвчлэн дэлний өнгөтэй ижил байх бөгөөд мөрөө давсан, цардаж оёсон дэргэр мөртэй, ардаа бүсэлхий хвртэл урт оноотой, ханцуйны ухаарыг гүнзгий малтсан, энгэр, хормой, оноогоор эргрн тойрон дээлний ижил энжээртэй байна. Ууж нь 2 ташаандаа бэлтэй бөгөөд баруун бэлнээс эхнэр хүний таван саваагүй: хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, шүдний чигчлүүр, хумс цэвэрлэгч, зүүн бэлнээс таван өнгийн алчуур зүүнэ. Эдгээр нь ургахын улаан нар, баяр баясгалан, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийнхээ өнгийг бэлгэдэхийн зэрэгцээ эхнэр хүний бэлхүүсэнд буян хишиг нь хадгалагдаж байдгийг давхар бэлгэдсэн учиртай.

Монгол дээл нь босоо захтай давхар зөрлөг бүхий дөрвөлжин энгэртэй, урт өргөн ханцуй, хормойтой байдаг нь монгол орны эрс тэс уур амьсгал, малчин нүүдэлчин ард түмний амьдралд үнэхээр зохицсон хувцасгэхээс өөр аргагүй юм. Жишээ нь босоо өндөр зах нь хүзүү хоолойг хүйтнээс хамгаалаад зогсохгүй хоолойн төрөл бүрийн өвчнөөс сэргийлдэг байхад, давхар зөрлөгтэй энгэр нь өмнөөс үлээх жавар салхинаас цээжин биеийг хамгаалах, бүс бүсэлсэн үед халаасны үүргийг давхар гүйцэтгэнэ. Нудрага бүхий урт өргөн ханцуй, уужуу тавиу суга нь гар дааруулахгүй бээлийний үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, адуу уургалах, ажил хөдөлмөр хийхэд чөлөөтэй уужуу тавиу суга урагдаж тасрахгүй байхын дээр нударга нь гоёл ёслол хүндэтгэлийн бэлэгдэлтэй. Өргөн урт хормой нь унаан дээр сууж явахад хөл гуя хулдан дааруулахгүй байхын зэрэгцээ хээр гадаа хоноход хөнжил болдог.

Хүний хүйснээс доош гурван хуруу орчимд, мөн тэр харалдаа нуруунд хүний энергийн төв оршдог байна. Энэ төвийг хамгаалж эртнээс нааш монгол хүн өргөн, урт даавуун ба суран бүс бүсэлж байсан нь дээлийг хумиж дулаан хадгалах, биед түшүүртэй жавхаалаг харагдуулахын зэрэгцээ нуруу, бөөр, сав, дотор эрхтэнгүүдийг доргих, даарч хөрөх өвчлөхөөс урьдчилан сэргийлж, гэдэс хэвлий орчмыг сунахаас хамгаалах гэх мэт олон талын ач холбогдолтой хувцас юм.